Монгол Улсын Үндэсний Шигшээ баг, тамирчдыг "Токио 2020" олимп, паралимпын наадмын бэлтгэл, сургуулилтад шаардлагатай санхүүжилтэд дэмжлэг үзүүлэх Олимпизмыг сурталчилах зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Токио Олимп Сан” байгуулагдсан билээ.
Хүн төрөлхтний спортын их наадам Олимпын тэнгэрт Монгол улсынхаа алтан соёмбот далбааг мандуулж нэрээ дуурсгах тамирчдаа ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллага бүр идэвхитэй дэмжиж, спортын амжилт, алдар хүнд, “Би Монгол Хүн” гэсэн үндэсний бахархлаараа нэгдэх цаг боллоо.
МОНГОЛЧУУДАА
- Монголын үндэсний шигшээ багийн тамирчид болон тэдний бэлтгэлийг хангах багш, дасгалжуулагч, эмч, мэргэжилтэн хэн бүхэн монгол түмнээ төлөөлөн Олимпын наадамд оролцохдоо хөрөнгө санхүүгийн алив бэрхшээлгүй байх боломжийг хамтран бүрдүүлэх,
- Монгол хүний авъяас чадвар, ур ухаан, авхаалж самбаа, зориг тэвчээр, бидний бахархлыг илтгэн харуулж хүн төрлөхтний спортын түүхэнд нэрээ мөнхлөх Монгол алдартныг дэмжин төрүүлэх,
- Хүмүүний бие, сэтгэл, хүсэл зоригийн зохистой байдлыг эрхэмлэсэн нийтлэг соёл, ёс суртахууны үндсэн зарчмуудыг хүндэтгэж, спортын нөхөрлөлөөр дамжуулан хүн төрөлхтөн эв найрамдалтай хөгжин цэцэглэхэд хувь нэмэр оруулсан дэлхийн Монгол байхыг уриалж байна.
ТОКИО ОЛИМП САН